Номын баяр-2023 Хүүхэд бүр уншигч уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Номын баяр-2023 Хүүхэд бүр уншигч уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг номын баяр Хүүхэд бүр уншигч уриан дор Жаахан шарга театрт өнөөдөр эхэллээ. Хаврын номын баяр хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд аймгийн Нийтийн номын сангаас тусгай хөтөлбөрийн дагуу уншигчдадаа олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Тухайлбал шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, нутгийн зохиолч яруу найрагчдын номын фонд дахь хуучин, ховор ном, монгол бичгийн холбогдолтой номуудын сурталчилгаа, шинэ номын худалдаа, номын хандив өргөсөн иргэн, ААН-д хүндэтгэл үзүүлж алдаршуулах ёслол, Судар эгшиглэн төслийн оролцогчдын болон гар урлал эрхлэгч иргэдийн бүтээлийн үзэсгэлэн энэ үеэр нэгэн зэрэг болж байна. Мөн Баруун-Урт сумын ЕБС-иудын номын санчид оролцож, номын сангаа болон сурагчдад хүргэдэг онцлох үйлчилгээгээ танилцуулж, ахмад номын санчид сонин содон номтой ирж оролцож байгаа нь онцлог байлаа.

 Номын баярын үйл ажиллагаанд оролцогч, сонирхогч хүүхэд багагчуудад зориулан монгол түмний уламжлалт тоглоом наадгай бүхий хэсгийг тохижуулжээ. Энд хүүхдүүд шагай няслах, шүүрэх, алаг мэлхий өрөх, шатар зэргээр тоглох боломжтой.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх, ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд-2023” арга хэмжээг улс орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна.

“ЯРУУ ЭГШИГ” ШИНЭ НОМЫН НЭЭЛТ

Хаврын номын баярт зориулан Сүхбаатар аймгийн Нийтийн номын сан, утга зохиолын Дөрвөн цаг нэгдэл, МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл хамтран гаргасан “Яруу эгшиг” шинэ номыг уншигчдадаа танилцуулж, нийтийн хүртээл болголоо. Уг номонд яруу найраг сонирхогч сурагч, идэвхтэн бичигч, Соёлын гавъяат зүтгэлтний гээд нутгийн 40 гаруй уран бүтээлчийн шинэхэн шүлэг, яруу найргууд багтжээ.

Аймгийн Нийтийн номын сангаас Дэлхийн яруу найргийн өдөрт зориулж өнгөрсөн хоёр жил Яруу эгшиг шинэ шүлгийн уншлага, яруу найргийн цэнгүүнийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан бөгөөд үүнд оролцож байсан яруу найрагчдын бүтээлүүдийг эмхэтгэжээ. Номыг ном зүйч М.Нарангэрэл эмхэтгэсэн бөгөөд тэрээр өмнө нь гаргасан хоёр ч тохимолоо нэгтгэн ийн ном болгожээ.

Нийтийн номын сангийн хамт олон нутгийн зохиолч, яруу найрагчдаа сурталчлан таниулах, уран бүтээлийг нь алдаршуулах чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсний нэг нь Яруу эгшиг шинэ шүлгийн уншлага юм. Энэ нь шүлэг яруу найраг сонирхогчдыг нэгтгэх, уран бүтээлээ бусдадаа сонсгох, уншигчдын хүртээл болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид бүхний хүсэн хүлээдэг үйл ажиллагаануудын нэг болж чадсан. Ингэж уран бүтээлчдээ дэмжиж, хамтрахаас гадна тэдний бүтээлүүдийг нэгтгэн, цоо шинэхэн ном болгон түгээж байгаад үнэхээр баяртай байна. Яруу найрагч, зохиолчдод үүнээс илүү том бэлэг гэж үгүй билээ хэмээн МЗ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Ц.Оюундэлгэр хэллээ.

Шинэ номын нээлтийн үеэр аймгийн Нийтийн номын сангийн уншлагын танхим болон, мэргэжлийн байгууллагын удирдлагууд, яруу найраг сонирхогчдын төлөөлөлд номын дээжээс дурсгав. Мөн зарим уран бүтээлчийн шүлгээс номын баярт оролцогчдод уншиж танилцуулав.

СУДАР ЭГШИГЛЭНГИЙН УНШИГЧИД НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ ТУСГАЙ ДЭВТЭРТЭЙ БОЛЖЭЭ

Судар эгшиглэн төсөлд оролцогчдод зориулсан номын тэмдэглэл хөтлөх тусгай дэвтэр хэвлэгджээ. Ингэснээр уралдаанд оролцогчид нэгдсэн, нэг загвараар номын тэмэглэлээ хөтлөх юм. Хоёр жил зохион байгуулагсан уралдаанд нийт 15 мянган гаруй номын тэмдэглэл ирсэн бөгөөд оролцогчид төрөл бүрийн аргаар, өөр өөр хэлбэр, хэмжээтэй дэвтэр, цаасан дээр тэмдэглэлээ хөтөлдөг байжээ.

Уншигчдын хувьд номын тэмдэглэлийг хэрхэн, яаж хийх араа олохгүй үргэлж асуудаг байсан. Бид өөрсдийн хэжмээнд аргазүнй зөвлөгөө өгөөд өгөрдөг. Харин зориулалтын дэвтэртэй болсноор уншсан номоо илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, цэцгтэй, зохион байгуулалттай, ойлгосжтой байдлаар хөтлөх боломж бүрдлээ. Бүх насныхан ашиглах боломжтой бөгөөд хаана юуг нь тэмдэглэх талаар маш тодорхой чиглүүлж өгснөөрөө энэхүү дэвтэр онцлог гэдгийг санаачлагч В.Энхтуяа хэллээ.

Номын баярын хүрээнд нийтийн номын сангаас уншигчдадаа зориулж олон үйлчилгээ үзүүлсний нэг нь Судар эгшиглэн төсөлд оролцогчдол зориулсан энэхүү номын тэмдэглэл хөтлөх дэвтрийн танилцуулга байлаа.Судар эгшиглэн төсөл гурав дахь жилдээ үргэлжилж байгаа. Хүн бүр зохион байгуулагчдын зүгээс өгсөн 20 номыг заавал уншиж, тэмдэглэл хөтлөн бүтээлээ хийх үүрэгтэй.  

Ийнхүү өнгөрсөн амралтын хоёр өдөр хаврын номын баяр өргөн дэлгэр болж, Жаахан шарга театр номонд хайртай, унших бичих дуртай нас насны номын хорхойтнуудын хөлд дарагдсан өдрүүд байлаа.

Post Tag:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *