Азийн тэргүүн найрагч Д.Урианхай

Азийн тэргүүн найрагч Д.Урианхай

“Хүн төрөлхтөнд хамгийн ойлгомжгүй, тэд түүхэн туршдаа огт зөвөөр ойлгож чадалгүй өнөөг хүрсэн хоёр юм бий.

Үүний нэг нь “ХАЙР” нөгөөх нь “АРИУН ЧАНАР” юм. Хүн төрөлхтөн өнөөдөр сэтгэлгээ, гэгээрлийн асар дор шатанд байгаагийн үндсэн шалтгаан нь энэ юм. Хайр бол хүний далдад байгаа бурхан чанар байх. Хүмүүс энэ чанарыг олдоггүй, ойлгодоггүй, зохих ёсоор нь хөгжүүлж, амьдралдаа ашиглаж чаддаггүй, хүч нөлөөг нь ч үр дүнтэй хэрэглэж мэддэггүйгээс хайрын тусыг авч чаддаггүй өнгөрчихөөд байдаг шиг санагддаг.Хэмжих багаж хэрэгсэл байхгүй, рентген туяагаар илрүүлж болохгүй, “ЭНЭ БАЙНА” гээд харуулж ч үгээр тодорхойлох байтугай математик томъёогоор ч илэрхийлж чадахгүй тийм чанарын энергийн дээд төлөв бол хүний сэтгэлээс гардаг ХАЙР байх.

– Хайр бол хүнд бурхнаас заяасан бие махбодь, оюун ухаан, сэтгэл санааны үнэмлэхүй нөөц хүч бүгд нэг дор нийлж төвлөрөөд “хором”-оос “мөнх” хугацааг нэгтгэсэн агуу нэгдмэл хугацааг багтаан оршиж, хүнээр гэгээн сайн үйлсийг бүтээлгэх орь дээд боломж юм…

– Хайрыг дотор нь гурав хуваана. Нэгдүгээрт амраг хайр, хоёрдугаарт нинж хайр, гуравдугаарт бодь хайр юм.

Эр, эм амьтад бие биесээ энхрийлэх, хүсэх, янаглалын хайр нь амраг хайр, бие биеэ энэрэх, нигүүлсэх, тус буян хүргэх, ачлалын ухамсарт хайр бол нинж хайр юм. Бодь хайр нь хамгийн нигүүлсэгч, хүн төрөлхтний гаслан, зовлонгоос ангижруулах гэгээн, хүчирхэг бурханы хайр юм.Хүмүүс зөвхөн өөрийгөө болоод өөрийнхөө ойр дотны хүмүүсийг бас зөвхөн өөртөө сайн, өөрийг нь хайрладаг хүмүүсийг хайрладаг. Өөрсдийг маань үзэн яддаг хүмүүсийг болохоор хариу үзэн ядаж, дайсагнадаг. Тэгвэл бодь хайранд хүрч ариусан гэгээрэх шатанд бүгдийг алагчилахгүй тэгш хайрлах сэтгэлийг олно. Дайснаа ч хайрлах сэтгэлээр өөрийгөө шүншиглэнэ.

Post Tag:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *